Яруу найрагч, Зохиолч Л. Шүүдэрцэцэгийн "ҮЗЭХИЙН ХЯЗГААР" хэмээх намтарчилсан эссэнүүд бүхий номыг шагайж үзээгүй залуус ховор байх. Залуус гэсний учир нь зохиолч маань өөрийн амьдралд толбо үлдээж ухаарал төрүүлсэн агшин бүрээ онцолж бичсэн мэт санагдсан ба нэг ёсондоо амьдралыг шалгалт гэвээс бидэнд дамжуулсан нямбайлан бичсэн шипи нь энэ ном мөн.
2012 онд хэвлэлтээс гарсан, тэрнээс өмнө хичнээн ч жил зохиолчын ширээн дээр хадаастай байсан нь үл мэдэгдэх "хуучин" номны талаар өөрийн өнцгөөс харж бичихээр болсон нь учиртай.
Н. Баасандорж гуайн хэлснээр (олноо "НОМ ЗАРДАГ АХ" хэмээн алдаршсан) номыг нэгээс олон уншиж байж сая нэг уншсан мэт болдог гэсэнтэй адил миний бие хүн ямар ч номыг нэг уншаад өнгөн чанарыг нь л толгойдоо буулгануу гэхээс мөн чанарыг нь хэзээ ч таньж чадахгүй гэж бат итэгдгээс ингэж удсан байх. (тэглээ ч шинэ блог/шинэ бичлэг)
Би үхнэ, Чи үхнэ, харин ЦЭЦЭГ л үлднэ.
Энэ бол анхны уншилтаас хойш миний толгойноос гараагүй өгүүлбэр. Гэхдээ цэцэг бол хамгийн эмзэг, ариуны бүхний илэрхийлэл болон олон ч гадна дотны зохиолд дурдагддаг дүр. Тэгээд хүн хүртэл төгсдөг энэ орчлонд цэцэг хэрхэн хүнээс удаан наслана гэж?
"-Миний цэцэг, миний цэцэг!
Намхан нуруутай, хуучирч үрчийсэн ногоон даавуун хүрэмтэй нүүр ам нь энэ тэндээ цагаан шохой болчихсон нэг хачин эр савтай таримал цэцэг барьчихсан, түүнийгээ хэр чадлаараа дээш нь өргөчихсөн, орилоод зогсож байлаа"
Хэрэв төсөөлөлдөө зурвал автобусанд хамгийн элбэг тааралддаг байдаг л нэг ядарсан Монгол. Нүүрэн дээрх шохойг нь төсөөлөх төдийд мань эр өөртөө тийм ч их анхаарал тавьдаггүй нь илэрхий. Гэхдээ, өөрөөсөө хармалсан тэр анхаарал халамжаа энгийн л нэг тарьмал цэцэгт зориулж байгаа нь дээрх хоёрхон үгнээс илт. Миний цэцэг..
Энэ л цэцэг үлдэх шалтгаан. Хичнээн бат бөх төмөр байгаад анхаарч халамжлахгүй бол зэврээд дуусна, харин харахад хүртэл сэвтээм цэцэгийг хайрлаж халамжлаад л байвал тэр чамаас үлднэ. Үлдэх үлдэхдээ гоо үзэсгэлэнгээрээ олон ч хүний харцыг мялааж баясал бэлэглэж үлднэ.
Би цэцэг юм байна шүүдээ. Сэвтүүлэхгүй гэсэндээ бүхнээс дээш өргөж, хамгаалж байгаа тэр тарьмал цэцэг нь би. Харин өмсөж зүүхээсээ авхуулаад нүүр царайндаа ч анхаархаа больж өөрийгөө голсон тэр эр бол миний аав ээж. Хөөе охион, чи цэцэг тарьдаг биздээ? цэцэг тариаарай чи! Би үхнэ, чи үхнэ, харин цэцэг л үлднэ шүү...
Үзэхийнн хязгаар
Үхэлээс үхтлээ биш ч айдаг хүмүүсийн нэг нь би. Гэсэн хэдий ч хэн нэгэн намайг удахгүй үхнэ гэвэл би бараг үхнэ хаха. Гэхдээ энэ хоёр үгийг уншаад л хэл гэдэг ямар агуу зүйл болохыг бараг анх удаа биширч билээ. Үзэхийн хязгаараас би үхлээс айдаг шигээ айгаагүйн дээр харин ч тэнд очиход өөрийгөө ямар байх бол гэж гайхсан. Яг ижил утга, хоёр өөр илэрхийлэмж...
Цаашилбал Айдас, Уучилаарай гэх мэтчилэн тус бүрдээ ухаарал, мишээлийг зэрэг хайрлах хорин таван намтарчилсан эссэ, мөн дөрвөн ҮГ нээс бүрдсэн энэ номыг борголоо уухаар явах бүртээ цүнхэндээ хийгээд явах ба нээх тоолонд өөр өөр сэтгэгдэл төрүүлдэгт гол учир байдаг байх.
Тэгэж явахдаа Өлзийтөгс эгчийн шүлгийн бичсэн хамгийн хайртай ганц дуугаа сонсоод алхна.
Амьдрал баялаг гэдгийг улам бүр мэдрэнэ.
Гэхдээ энэ ном миний үзэхийн хязгаар биш агаад цаашид унших зуу зуун ном ч биш гэж итгэж байна.
Бүтэн сэтгэгдэлээ бичвэл дэндүү урт болчих учираас энд дуусгая.
Чи цэцэг тарьдаг уу? Тариаарай мэдвүү! Үзэхийн хязгаартаа нүүр тулахын цагт цэцэг л үлднэ шүү!
Аа тийн дээр дурьдсан дуу энэ байна. (https://www.youtube.com/watch?v=p-POCuuHfRw)
Гамнаж сонсоорой.