top of page
Search

Анне Франкын өдрийн тэмдэглэл.

zingx

"Эргэн тойронд чинь үлдэж хоцорсон сайхан бүхнийг бодоод аз жаргалтай бай" - Анне Франк

Би арван жилийн сургуулийн долоо юмуу наймдугаар ангид л байсан байх. Нэг өдөр дөнгөж сэрээд зурагтаа асаатал дэлхийн хоёрдугаар дайны үеийн жүүд буву Еврей үндэстний амьдралын тухай маркын баримтат кино гарж байсан юм. Би ч баримтат кинонд хорхойтой болхоороо орноосоо ч босолгүй үзэж эхэлсэн. Арав хүрэхгүй минутын дотор уг кино нь Анне гэдэг охины амьдралын тухай тэр тусмаа түүний мөнхөлж үлдээсэн өдрийн тэмдэглэлийн тухай юм байна гэдгийг ч төвөггүй ойлгосон. Кино дуусвуу үгүй юу л утасаа аван ээжрүүгээ залгаад, та надад орой ирэхдээ "Анна Франкын өдрийн тэмдэглэл" гэдэг ном аваад ирээч тэгэх үү? би уншмаар байна гэж байснаа санаж байна.

Энэ ном бол миний өөрөө уншихыг хүсэж уншсан хамгийн анхны ном. Үүнээс өмнө хэдэн арван ном уншиж байсан ч санаанд үлдсэн нь үгүй. Тэгэхээр энэ миний хамгийн анх уншсан ном.

Гэр бүлийнхээ хамт аавынхаа хуучин пүүсийн арын өрөөнд амь зууж, зөвхөн еврей үндэстэн гэх шалтгаанаас болж хүүхэд нас, эрх чөлөө, амь амьдралаараа торгуульсан олон мянган хүүхдүүдийн төлөөл болсон энэ охины тэмдэглэл надад амьдралыг арай өөрөөр хархад минь тусалсан гэж би итгэдэг. Тэр өдрийн орой ээж зөөлөн, ягаан хавтастай нэгэн туранхайвтар охины зурагтай нэг их зузаангүй ном авчирж өгсөн. Гурав хоногын дараа гэхэд би эхнийхээ уншилтыг дуусгасан байсан гэхээр их л улайрч уншсан хэрэг.

Анне Франк 1929 оны 6 дугаар сарын 12нд Герман улсын Франкфурт хотод Отто болон Эдит Франкын бага охин болон мэндэлжээ. Гэвч түүнийг төрөөд удаагүй байхад эдийн засгийн хямрал, Гитлерийн нацист намын хүчирхэгжилт зэргээс шалтгаалан Франкынхан Голланд улсруу нүүж тэндээ аз жаргалтайгаар амьдарч байв. 1939 оны 9 дүгээр сарын 1-нд Германы арми Польшруу довтолж Дэлхийн хоёрдугаар дайныг эхлүүлсэн ч Франкынхан Голландыг дайнд оролцохгүй, төвийг сахина хэмээн итгэж байсан юм. 1940 оны 5 дугаар сарын 10 нд Голланд улс эзлэгдсэн тэр цагаас эхлэн еврей хүүхдүүд тусдаа сургуульд сурах, жүүд хүмүүс 6 талт од бүхий тэмдэг зүүж явах, машинаар зорчих, мөн орой 10 цагаас хойших хөл хориотой гэх зэргээр еврей үндэстнийг гадуурхах үзэл гаарч байв. 1942 оны 7 дугаар сарын 5нд Маргот (Анне гийн эгч) Германы хорих лагераас зарлан дуудах дуудлага авсан бөгөөд үүнийг гадарлаж байсан Франкыхан маргааш нь нуувчиндаа оржээ.

Нуувчин дахь амьдрал түүний хувьд тун уйтгартай байсны дээр идэх хоол хомс, мөн байнгын түгшүүр дор чимээ шуугиангүй амьдрана гэдэг Анне шиг охины хувьд байж болох хамгийн аймшигтай үйл явдал байв. Нэгэнт л шивнэхээс өөр ярьж болохгүй, тэглээ ч ярих хүнгүй учир төрсөн өдрөөр нь бэлэг болж ирсэн улаан дэвтэрээ өөрийн сайн найз болгож түүнтэй л харин ч нэг санаагаа амартал ярьж байхаар шийджээ. Өдрийн тэмдэглэл ихэвчлэн тухайн өдөр болсон зөрчил, хөгжилтэй явдал болон дайны нөхцөл байдлын талаарх мэдээ болон Анне ийн хувийн бодол гэсэн хүрээнд бичигдсэн байдаг. Тэрээр үргэлж л ямар нэгэн зүйлээс инээх шалтаг гаргаж ирэх ба тэр зан нь ч хорогдох байрны уур амьсгалыг эрүүл байлгахад нэн чухал байв. Удалгүй тэдэн дээр нэмэгдэн хэд хэдэн хүмүүс ирсэн ба тэдэн дунд Анне гийн анхны хайр ч мөн ирсэн юм. Тэгэж тэгэж явсаар маш харамсалтайгаар 1944 оны 8 дугаар сарын 4 ний өдөр нуувч илчлэгдэж тэрээр Маргот эгчийн хамт хорих лагерлуу явсан бөгөөд дайн дуусахаас ердөө хэдхэн сарын өмнө гэдэсний хижиг өвчнөөр нас барсан юм.

Уг ном нь залуу охины хүсэл мөрөөдөл хийгээд, өөдрөг байдал амьдрах чин хүсэлийн баталгаа болон үлдсэн бөгөөд хүн төрөлхтөнд дайн гэгч зүйлийн аймшигт хүчирхийлэл, үр дагварыг батлан сануулсаар буй. Аннегийн ачаар зуу зуун залуучууд тэр бүр талархаад байдаггүй эрх чөлөө, шудрага ёсны үнэ цэнийг хийгээд үүнгүйгээр тэдний амьдрал ямар аймшигтай байж болох байсныг бага ч атугай ойлгосоор байгаа гэдэгт итгэж байна.

АНУ-ын ахлах ангийн сурагчдын заавал унших номын жагсаалтанд зүй ёсоор багтсан энэ номыг уншиж амжаагүй бол заавал уншаарай. Заавал шүү, та амьдралаа арай өөрөөр харж эхэлнэ гэдэгт би итгэлтэй байна.

Despite everything, I believe that people are really good at heart. - Anne Frank

41 views0 comments

Recent Posts

See All

© 2017 by the zingx, proudly with wix.com

  • Grey Facebook Icon
  • Grey Twitter Icon
  • Grey Google+ Icon
bottom of page