top of page
Search

Хайр, Эрх Чөлөө, Ганцаардал

zing

"Айдас арилсан тэр мөчөөс амьдрал эхэлдэг" - ОШО

Ражнийш буюу олноо ОШО хэмээн алдаршсан эрхэм бол Энэтхэгчүүд дунд бурхан хэмээн хүндлэгдсэн ба Ражнийш хөдөлгөөний тэргүүн байв. Үнэндээ миний хувьд дээрх тодорхойлолтоос илүүтэй түүнийг зөв амьдрах урлагыг дэлгэрүүлэгч байсан гэж боддог. 1931 ээс 1990 он хүртэл амьдрахдаа тэрээр ганц ширхэг ч ном өөрийн биеээр бичиж хэвлүүлж байгаагүй агаад сонирхолтой нь уг эрхмийн нэртэй ном бичвэрүүдийг одоо цагт хаанаас л бол хаанаас олж болхоор болжээ.

Ошо амьд ахуйдаа сүнслэг оршихуйн нууцад нэвтэрч гэгээрсэн бөгөөд үүнээсээ гадна хүний амьдралийн нүгэл хийгээд түүнээс хэрхэн гаталгах тухай зуу зуун (ойролцоогоор 700 орчим) сургааль, яриануудыг олон түмэнд хүргэсэн байдаг. Уг лекцүүдийг нь дагалдагчид нь бичиж аваад бичгийн хэлэнд буулгасан нь бидний мэдэх номнууд бөгөөд өдгөө олон олон хэл дээр хэвлэгдэн гарч буй.

Хэдэн жилийн өмнө түүний бичсэн нэгэн номыг уншсан юм. За байз нэр нь юу байлаа даа... аан тийм, "ХАЙР, ЭРХ ЧӨЛӨӨ, ГАНЦААРДАЛ". Надад түүний философи үнэхээр таалагдсан ч хэтэрхий нэг талийг баримталсан шашинлаг үзэл нь ерөөс таалагдаагүй шалтгаанаар нэг их ойшоож уншаагүйгаас ихэнхийг нь мартаж орхиж.

Гэсэн хэдий ч түүний хэлсэн үг гүн сэтгэгдэл төрүүлсэнийг дурьдах нь зүйтэй.

"Хэрэв чи цэцгэнд хайртай л бол битгий тасдаж ав,

Учир нь чи тасдаж авснаараа түүнийг алж байгаа юм

Тэгхээр чи үнэхээр л хайртай юм бол байгаагаар нь үлдээ

Хайр бол өмчлхийн нэр биш"

Хайр гэх нэрийн дор нуугдсан сувдаг сэтгэлийг үүнээс илүүтэйгээр ойлгомжтой тайлбарлах боломжгүй гэж би боддог. Харин дахиад жаахан л бодох юм бол эцэг эхчүүдийн маань биднийг хайрладаг хайр бол жинхэн хайр гэдгийг ойлгох болно.

"Өөрийгөө хүлээн зөвшөөрсөн тэр мөчөөс эхлэн чи үзэсгэлэн төгөлдөр болох болно" учир нь хүн нэг бүр төгс байхаар бүтээгдсэн бөгөөд биднийг дорой болгодог зүйл нь бидний бодол юм.

Өөрийгөө хайрлаж чадаагүй хүн бусдыг хайрлаж чададгүй бөгөөд өөрийгөө хайрласан тэр мөчөөс эхлэн хэн ч бай хайрыг өөрөөсөө цацруулан бусдад хүртээж эхэлдэг.

Харин эрх чөлөөний хувьд хэн бүгд хүсдэг хэдий ч яг үнэндээ хэн ч эрх чөлөөтэй бус хийгээд эрх чөлөөтэй байхыг хүсэхгүй. Учир нь эрх чөлөө гэдэг нь хариуцлага гэсэн үг юм.

Харин ганцаардалын талаар тэрээр "Ганцаардал бол өвдөлт, харин ганцаараа байх нь энх тайван юм" гэж хэлсэн байдаг.

Мөн тэр хэлэхдээ хэрэв чи ганцаараа байх чадалгүй бол чиний үүсгэсэн бүх харилцаа худал хуурмаг. Учир нь чи зөвхөн ганцаардахгүйн тулд тэдгээрийг бий болгосон.

Хамгийн сонирхолтой нь чи хайрлаж сурахын тулд эхлээд ганцаараа байж сурах хэрэгтэй.

"Эмэгтэй хүн хайрлагдах гэж оршдог, ойлгогдох гэж биш".

Англи хэлний “LOVE” гэдэг үг нь санскрит хэлний лобха гэдэг үгнээс гаралтай гэдгийг та бүхэн мэдээд гайхах байх. Лобха гэдэг нь “сувдаг шунахай байх” гэсэн утгатай үг. Магадгүй англи хэлний “хайр” гэдэг үг нь сувдаг шунахай сэтгэлийг тэмдэглэдэг “лобха” гэдэг синскрит үгтэй нэг язгууртай байгаа нь зүгээр л нэг тохиолдлын хэрэг байж болно. Гэхдээ надад энэ бүхэн нь зүгээр л нэг тохиолдолын хэрэг биш гэсэн мэдрэмж төрдөг. Сувдаг шунахай сэтгэл нь сайтар боловсорч гүйцээд л хайр болдог байх. Лобха нь дотоод алхимийн үр дүнд хайр болдог байх. - ОШО

Надад хааяахан энэ бүхнийг арай эрт ойлгосон бол гэсэн хөнгөхөн харамсал төрдөг юм. Гэхдээ оройтож ухаарсан нь хэзээ ч ухаараагүй байснаас дээр, тийм биз?

Энэ бичвэрийг минь уншсан хэн бүхэнд Ражнийш гэх энэхүү эрхэмийн номыг уншихыг дахин дахин зөвлөе. Таны амьдралын философид томоохон өөрчлөлт авчирна гэдэгт эргэлзэхгүй байна.

59 views0 comments

Recent Posts

See All

© 2017 by the zingx, proudly with wix.com

  • Grey Facebook Icon
  • Grey Twitter Icon
  • Grey Google+ Icon
bottom of page